Saturday, October 3, 2015

Хууч ярианд гайхамшиг оршихуй

Монголчуудын хувьд Хөх Азийн цээжинд улаан гал, цэнхэр тэнгэрийг мандуулан намирч, цохилох зүрх болгонд өөдөө дэвших бэлгэдлийг бэлгэдэн оршсоор байна. Өвөг дээдсийн маань амьдарч байсан үетэй харьцуулахад дэндүү хол зөрүүтэй нийгмийг бий болгосон. Түүгээр ч үл барам сэтгэлгээний онцлог, уламжлал нь хүртэл өөрчлөгдсөөр байна. Гэхдээ энэ бүхнийг шүүмжлэх гэсэндээ бус харин өвөг дээдсийн уламжлагдан ирсэн ёс заншил, уламжлалын мөн чанарыг ойлгуулахын тулд дараах мэдээллийг холбогдуулан бэлтгэлээ.
"Айл хүний амь нэг Саахалт айлын санаа нэг" гэж бага ангид байхдаа үзэж байлаа. Тухайн үед багш маань энэ бол Монголын зүйр цэцэн үгсийн нэг гэхээс өөр зүйл мэдээгүй өнгөрсөн. Тэр үеэс нилээн хэдэн жилийн дараа тухайн үгийн мөн чанарыг ойлгох шиг л болж үгийн мөн чанар нь хууч яриа гэх бидний хамгийн сайн мэддэг, бас хамгийн муу ойлгодог зүйлтэй холбогдсон.
Хууч яриа гэдэг нь өөртөө маш олон нууц агуулсан байдаг. Бусад хүмүүсийн хувьд энэ үг данхтай цай, улиг болсон яриа эсвэл үлгэр, домог, ид шидийн тухай хий дэмий үгс мэтээр хүлээж авдаг. Харин миний хувьд энэ бол оюуны томоохон их сургууль гэж би ойлгодог.
Хууч яриа хаана үүсэн бий болсон гэж та бодож байна?
"Монголчууд бол нүүдлийн соёлтой иргэншилтэйгээр хэдэн мянган жил амьдарсаар ирсэн. Тэдний хувьд боловсорч гэгээрнэ гэдэг нь тун хэцүү" гэх мэтээр гадаадын аялагч жуулчид үзэж байсан гэх мэдээлэл байдаг. Магадгүй бид суурин иргэншилтэй улс орнууд шиг олон төрлийн шинжлэх ухааныг бий болгоогүй байх гэхдээ хамгийн том оюун ухааныг бий болгож чадсан. Энэ бол хууч яриа юм. Хууч ярианы мөн чанар нь мэдээллийг солилцох үйл явдал ч, нөгөөтэйгөөр ёс заншил, уламжлалаа өвлүүлж үлдээх хамгийн том сургууль юм.
Учир шалтгааныг хууч яриа бий болоход юу юу нөлөөдгийг авч үзье. Хууч яриа хийхийн тулд тухайн айлд зочин ирэх хэрэгтэй болно. Түүнээс монголчуудын зочлох хүндлэх ёс үүсэн бий болсон. Дараа нь хууч яриа өрнүүлэхийн тулд идээ, ундаа хэрэгтэй бөгөөд үүнээс л бид цагаан идээ бэлтгэх, түүгээр дамжуулан олон төрлийн хоол хүнсийг бэлтгэдэг. Хууч ярианы өрнүүлж буй хүн болон түүнийг сонсох үүрэгтэн бий болно. Тэр бол балчир хүүхдүүд болон идэр залуучууд юм. Тэд өөрсдөд хэрэгтэй тэрхүү мэдээллийг олж авахын тулд ахмад хүнийг хүндлэж тэдний өөрсдийн хүч хөдөлмөр, оюун ухааны булагаас үүссэн тэрхүү мэдээллийг сонсох боломжтой болдог нь Монголчуудын ахмадаа хүндлэх ёсыг бий болгосон болов уу.
Таны хувьд дээрх мэдээлэл энгийн байдаг зүйл мэт сонсогдож болох ч та ойр дотны хамгийн их харилцдаг хүмүүстэй улс төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, философийн талаар мэтгэлцэж, ухаан бодлоо солилцож байсан уу? магадгүй тийм гэж хэлэх байх, гэхдээ хамгийн гол нь тэдэнд олон ургальч үзлийг бий болгож чадахгүй л болов уу. Энэ нь хууч ярианы хамгийн том гайхамшиг юм.
Аав минь надад ингэж хэлж байсан юм "Монголчууд яагаад өөрт байгаа идээ, ундаагаа зочлон ирсэн хүнд харамгүйгээр дайлж, цайлдаг учир нь зочлон ирж буй хүнээс илүү их мэдээллийг авахын тулд юм шүү" гэж. Би энэ үгнээс нэг зүйлийг хамгийн сайн ойлгосон нь бидний өвөг дээдэс ямар их ухаантай байсан юм бэ? тэд өөрсдийн уламжлалдаа зориулан гаргасан агуу аргыг сэдсэн байна шүү дээ гэж ойлгож байсан. Монголчуудад байдаг хамгийн сайхан чанаруудын нэг болох зочломтгой зан, болон бусдад сайн сайхан сэтгэлээр тусалж түүнээс хариу хүртэж сэтгэлийн баясалыг бий болгох нь хүн гэдэг амьтан ямар сайхан сэтгэлтэй болохыг харуулж өгдөг мэт санагддаг.
Одоо ч гэсэн бид хөдөө орон нутгаар аялахад халун цай, элбэг дэлбэг цагаан идээгээр дайлж холын чимээ, ойрын сонинг хуучлан суудаг. Энэ нь хууч ярианы цаана оршин буй гайхамшиг юм шүү дээ. "Энгийн зүйлээс агуу зүйл бий болдог" үгийн утга мөн чанар нь хууч ярианаас бий болсон цэцэн мэргэн ухааныг сийлэх чадварын үндэс болсон нь дамжиггүй.
Эцэст нь хэлэхэд "Хүн болгон бие биедээ сайн сайхан сэтгэлээр харилцах нь энэ дэлхий хамгийн гайхамшигтай байдал мөн"



No comments:

Post a Comment